Наадмын түүх

“Монголын оюутан, залуучуудын спортын анхдугаар их наадам” 1959 онд Улаанбаатар хотноо явагдаж, төв орон нутгаас шалгарсан олон багууд шигшээ тэмцээнд хүрэлцэн ирж, энэ үеэр Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орж, анхны тэмцээнүүдээ зохион байгуулав.
Монгол улсад оюутны спортыг хөгжүүлэх, ОУОСХ-ны үйл хэрэгт Монголын оюутны идэвхтэй оролцоог хангах зорилгоор 1989 оны 6-р сарын 25-ны өдөр МХЗЭ-ийн Төв Хорооны товчоо, Шинжлэх Ухаан, техник дээд боловсролын улсын хороо, Биеийн тамир спортын улсын хорооны коллеги, Монголын Оюутны Холбооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 57/43/65/03 тоот тогтоолоор Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ)-г анх байгуулагдаж, энэхүү холбооноос эрхлэн Монголын оюутны спортын наадмыг сэргээн явуулж эхэлсэн.
Монголын “Оюутны хавар” спортын их  наадмыг  1993 оноос нэрийг нь өөрчлөн үндэсний оюутны спортын наадам болгон  дэлхийн оюутны “Универсиад” наадамтай адил 2 жил тутамд нэг удаа явагдах үеэчлэлд шилжүүлэн холбооныхоо хэмжээнд тогтмол явуулах болсон.
Биеийн тамир, спортын тухай хууль 2003 онд батлагдан  тус хуулийн 16 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг наадам нь 4 жил тутамд Засгийн газрын шийдвэрээр явагдахаар болсон. Ингээд оюутны спортын холбооны ажил  төрийн бодлогод тусгалаа олж, Монголын оюутны спортын анхдугаар “Универсиад” наадмыг 2005 онд Монгол орон даяар болон гадаад орнуудад суралцдаг Монгол оюутны дунд зохион байгуулагдав.
Монголын оюутны спортын анхдугаар наадмыг 2005 онд Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 191 дүгээр тогтоолын дагуу спортын 14 төрлөөр (аэробик, волейбол, гандбол, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, спорт аялал, спорт бүжиг, хөнгөн атлетик, тэшүүр, цана,  чөлөөт бөх, шатар, ширээний теннис) Монгол улсын хэмжээнд болон гадаадад суралцаж байгаа оюутнуудын дунд 2004-2005 оны хичээлийн жилд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан. Энэхүү наадмыг 3 үе шаттай явуулан, 50 их, дээд сургуулийн олон мянган оюутнууд хамрагдсан юм.
Монголын Оюутны спортын “Универсиад” II наадмыг БТС-ын тухай хууль, Засгийн газрын 2008 оны 197 дугаар тогтоолоор 2009 онд ЭМЯ, БСШУЯ, ГХЯ, БТСУХ, МОСХ, спортын холбоодуудтай хамтран зохион байгуулсан. Наадмыг спортын 18 төрлөөр (аэробик, бокс, буудлага, волейбол, гандбол, жүдо, заалны хөлбөмбөг, модон бөмбөг, олс таталт, сагсан бөмбөг, спорт аялал, спорт бүжиг, тэшүүр, цана, хөнгөн атлетик, чөлөөт бөх шатар, ширээний теннис) орон даяар болон гадаад суралцагч оюутны дунд III үе шатаар анхан шат, аймаг нийслэлийн бүс, шигшээ тэмцээн хэлбэртэй явуулсан.
 
БТС-ын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 08 сарын 01-ний өдрийн 262 тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайдын шийдвэрээр Монголын оюутны спортын “Универсиад” III наадмыг 2013 онд спортын 15 төрлөөр (аэробик, бокс, волейбол, гандбол, заалны хөлбөмбөг, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик, тэшүүр, цана, чөлөөт бөх, шатар, ширээний теннис) Улаанбаатар хотноо зохион байгуулж 62 ИДСК-оос шалгарсан 2,276 тамирчин шигшээ наадамд өрсөлдөн, 176 дасгалжуулагч, 263 шүүгч орж спортын 12 заал, танхим, талбайд тэмцээн болсон. Наадмын анхан шат болон гадаад, дотоодын бүс, шигшээ тэмцээнтэй нийлээд 80 гаруй их дээд сургууль, коллежийн 35,400 оюутан тамирчдыг III үе шатны тэмцээнд хамруулан оролцуулсан.
  Монголын оюутны спортын “Универсиад” IV наадмыг БТС-ын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 11 сарын 23-ний өдрийн 158 тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар ЗБХ-г байгуулсан. Наадам спортын 11 төрлөөр (аэробик, волейбол, гандбол, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, чөлөөт бөх, цана, шатар, ширээний теннис) зохион байгуулагдсан. МОСХ нь 2017 оны наадмыг БСШУСЯ, ГХЯ, БТСГ, МОХ, Спортын холбоодтой хамтран наадмын шигшээ тэмцээнд 62 ИДСК-ийг хамруулан, анхан шат, бүсээс шалгарсан 2,354 оюутан тамирчид шигшээ наадамд өрсөлдөж, 219 дасгалжуулагч, багш удирдан, 274 шүүгч нарыг оролцуулсан.
2020 он – БТС-ын тухай хуулийн 17.2 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын  дагуу 2020 оноос эхлэн оюутны спортын наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу БСШУС-ын сайдын 2019 оны 08 сарын 02-ний өдрийн А/493 дугаар тушаал гарч, БТСГ-ын даргын 2019 оны А/357 тушаалаар ЗБХ-г байгуулсан.
БТСУХ-ны даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ны шийдвэрээр Монголын оюутны спортын V наадмыг спортын 10 төрлөөр (волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таэквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис) явуулахаар  зааврыг батлан гаргасан. “Монголын оюутны спортын V наадмын шигшээ тэмцээнийг зохион байгуулалтын зардлыг гаргах тухай” 2020 оны 10 сарын 21-ны өдрийн А/46 тушаалын  хэрэгжилтийг хангах зорилгоор МОСХ нь энэхүү наадмын өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр сүүлийн 15 жилийн хугацаанд явагдаж ирсэн Монголын оюутны спортын наадмуудад олон их, дээд сургууль, коллежийн оюутан, багш нар хамрагдан оролцож, тамирчин, дасгалжуулагч, сургуулиудад мөнгөн шагнал олгох болсон нь Монголын оюутны спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.